Зам, тээврийн сайдын 2026 оны аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан ээлжит шуурхай хуралдаанаар тус төмөр замын ашиглалт, цаашдын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдааны үеэр шинээр баригдсан төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмэлт вагон байршуулж, тогтмол ажиллагааг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг өгчээ.

Тодруулбал, Төмөр замын газар болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг даалгасан байна.

Мөн төмөр замын трассын газар чөлөөлөлттэй холбоотойгоор Шувуун фабрикийн орчимд амьдарч буй дөрвөн өрхийн гурвынх нь нүүлгэн шилжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэжээ. Харин үлдсэн нэг өрхийн асуудлыг шуурхай шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн байна.

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан хэрэгжүүлсэн бөгөөд нийт 127.1 километр урт төмөр замыг ашиглалтад оруулаад байгаа юм.

Энэхүү төмөр зам нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, ачаа тээврийн урсгалыг оновчтой зохион байгуулах, ялангуяа тэсэрч дэлбэрэх аюултай ачааг хотын төвөөр дамжуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой.

Цаашид тус чиглэлийн төмөр замын байнгын ажиллагааг хангаж, ачаа тээвэрлэлтийг тогтворжуулах нь нийслэлийн тээврийн зохион байгуулалтад чухал нөлөө үзүүлэх юм.